Өсвөр нас ба архидалт.
Саяхан Эрдэнэтийн нэг сонинд 16 настай хүүхдүүд эрүүлжүүлэхэд орлоо гэсэн мэдээ уншлаа. Түүний өмнөхөн телевизээр арван жилийн хүүхдүүд гудамжинд согтуу зодоон хийсэн тухай харлаа.
Саяхан Эрдэнэтийн нэг сонинд 16 настай хүүхдүүд эрүүлжүүлэхэд орлоо гэсэн мэдээ уншлаа. Түүний өмнөхөн телевизээр арван жилийн хүүхдүүд гудамжинд согтуу зодоон хийсэн тухай харлаа.
Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзхэд гэмт хэрэг үйлдэж буй хүүхдийн тоо эрс өсч байгаагийн зэрэгцээ гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн цөөнгүй хувь нь архидан согтуурсанаас болсон байх аж.
Үүний шалтгаан нь олон хүчин зүйлийн нөлөөнөөс бий болсон гэж үзэж байгаа юм. Архи худалдаж байгаа дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний газрууд насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалж зөвхөн өөрсдийн ашиг сонирхолыг бодож ахархан бодлоор хандаж байгаа бол нөгөөтэйгүүр эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх хүмүүжил нь тэдэнд нөлөөлж байна. Мөн сургуулийн хүүхдүүд нэгэндээ уруу татагдаж байна. Зарим насанд хүрсэн хүмүүс гудамжинд өсвөр насны хүүхдийг барьж хүчээр архи уулгаж сургаж байна. Энэ мэт олон талт хүчин зүйлээс болж өсвөр насны хүүхдийн архидалт газар авах болжээ.
Дээр дурьдсан шалтгаануудыг зогсооход нэг талаасаа амар боловч нөгөө талаасаа нийтийг хамарсан үйл явдал гэдэг утгаараа хүндхэн байж болох юм. Үүнийг засаж залруулах энгийн нэг арга бол БНСУ-ын бодит жишээ юм. Солонгос улс нь өдгөөгөөс 50 жилийн тэртээ ядууралд нирвэгдсэн орон байсан бол өнөөдөр Монголын 30,000 гаруй иргэнийг өөрийн улсдаа тэжээж байна.
Түүнээс гадна Монголд Солонгостой холбоогүй зүйл гэж бараг үгүй байна. Гэтэл энэ улсын сайныг нь авах үйл ажиллагаа бидэнд тун хомс байгаа. Солонгосын ард түмэн, Солонгос гэр бүл үр хүүхдээ багаас нь архи уулгаж сургадаг. Энэ хэтэрхий сонин сонсогдох боловч хүүхэд нь анх архи ууж үзэхдээ эцэг эхийнхээ дэргэд зөв ууж сурдаг гэсэн ойлголт юм. Эцэг нь хүүдээ архи хундагалж өгсөнөөр хүүхэд нь аавынхаа өгсөн архийг хүндэтгэн хүртэж үүнээс хойш архийг зөв ууж сурахыг аав нь даалгана. Харин насан хүрэхээс нь өмнө эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд архи дарс хэтрүүлэн хэрэглэж үзэгдэхийг цээрлэх ба энэ ёсоо машид чандлан сахидаг байна. Хүүхэд насанд хүрсэн хойноо эцэгтэйгээ хундага тулгаж цаашид баяр ёслол хурим найр зэрэгт зэрэгцэн ууж сурдаг аж.
Ингэснээрээ хүүхэд архи гэдэг зүйлтэй буруугаар бус зөвөөр танилцаж хэтрүүлэн хэрэглэх нь биед муу, хор хөнөөлтэй гэдгийг ойлгож чаддаг. Энэхүү бодлыг нь эцэг эх нь түүнд таниулна.
Гэтэл Монголд сархадыг хүүхдэд багаас нь буруугаар танилцуулдаг. Эцэг эхчүүд нь өөрсдөө хэтрүүлэн хэрэглэж гэр орондоо агсам согтуу тавьна, хүүхдэд сэтгэл зүйн хувьд асар хүнд хүнд цохилтуудыг өгдөг. Энэ нь нэг талаар хүүхдэд архийг үзэн ядах сэтгэл төрүүлэх боловч хүүхэд сэтгэл гутралд орсон үедээ хүртсэн тохиолдолд хөлчүүрхэх нь мэдээж цөөнгүй.
Тиймээс архи гэдэг зүйлийг хүүхдэд анхнаас нь зөв таниулж насанд хүрсэн үедээ л ууж болдог, харин уухдаа зөв тохируулж уух хэрэгтэйг сайтар заан сургах явдал нь хамгийн чухал зүйлийн нэг юм. Мөн дэлгүүр хоршоо болон үйлчилгээний газрууд ч мөн адил бага насны болон өсвөр насны хүүхдэд архи тамхи зэрэг мансууруулах бодисоор үйлчилэхгүй байх нь хамгийн чухал зүйл юм. Тэд зөвхөн өөрсдөдөө ашиг олох өчүүхэн бодлоор Монголын ирээдүйг архинд умбуулж байна гэдгээ сайтар ухаарах хэрэгтэй.
Магадгүй тэр зарж худалдаалж байгаа хүний хүүхэд нь өөр нэг газар очоод архи худалдан авч байгаа гэж бодох хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэн өөрийн иргэний үүргээ ухамсарлаж худалдаалахгүй байхыг дор бүрнээ хичээх хэрэгтэй.
Алдарт АНУ-н эдийн засагч Адам Смитийн хэлсэнээр хүн бүр дор бүрнээ хувиа хичээн амьдрах юм бол улс орон аяндаа хөгжинө гэсэнтэй утга нэгэн зүйл юм. Хүн бүр л дор бүрнээ үр хүүхдээ зөв хүмүүжүүлж тэдэнд үлгэр дуурайлал болж, дэлгүүрийн худалдагч бүр өсвөр насны хүүхдэд архи зарах ёсгүй гэдэг тэр үүргээ ухамсарлах юм бол өсвөр насны хүүхдүүдийн архидалт гэдэг зүйл аяндаа үгүй болох мэт санагдах юм.
Энэ бол цэвэр Монгол хүний сэтгэхүй Монгол хүний холч ухаан бодолтой л холбоотой зүйл юм.