Сэтгэл судлал

Мэргэжил сонголт





Мэргэжил сонголт нь яагаад чухал асуудал болж байна вэ?
Үүнийг тайлбарлахын тулд би дараах хэд хэдэн зүйлийг дурдах шаардлагатай болж байна. Тайлбараа би энэхүү зурагт үзүүллээ. Энэ зургийн үндэс хэсгээс бусдыг манай дүү зурсан байлаа. Эндээс би доорх хэдэн санааг олж харсан.

1: Нар- Төр ...
2: Ууршиж буй агаар- Ажилчид, Эмч, багш, цагдаа...
3: Бороо-Оюутан залуучууд ажилчидын дараагийн үеийнхэн ...
4: Үндэс- Ерөнхий боловсрол мэдлэг эзэмшиж буй хүүхдүүд...
5: Мод- нийгэмийн нүүр царай...








Эдгээр нь бие биетэйгээ салшгүй холбоотой байнгын эргэлтэнд орж байдаг хүчин зүйлс юм. Эндээс бид аль нэгийг нь огт байхгүйгээр, эсвэл бага зэрэг өгч байгаагаар харвал диаграмд үзүүлсэн эргэлт зогсох эсвэл удаашрана, муудна гэж ойлгож болох юм. Жишээлбэл ууршилт муу байна, нарны ээлт муу байна гэж үзвэл үүл хуралдхаа больж бороо орох нь багасна, бороо бага орсоноор үндэс нь тэжээлээр дутагдаж модны ургалт муудах эсвэл удааширна, бүр өөрөөр мод мөчиргүй, навчгүй харахад олиггүй болж таарна. Гэх мэтчилэн аль нэг нь л алдагдахад бусаддаа байнга нөлөөлж байдаг зүйлийг дүрсэлж байгаа. Тэгэхээр бид 6-р дугаарт нь Аянга-ийг оруулж өгч болно. Аянгаар юуг төлөөлүүлж болох вэ?
Аянгад миний бодлоор буруу боловсролын системийг төлөөлүүлэхэд зохимжтой мэт санагдана. Учир нь буруу боловсрол буруу суурь мэдлэг өгөгдсөнөөр мод сүйрч шатах магадлал маш өндөр. Тиймээс боловсролыг зөв чиглүүлж, зөв залсан тохиолдолд хүчтэй аянга мэт цохилт өгөгдөхгүй бөгөөд модоо бид хамгаалж үлдэж байна гэсэн ойлголт юм.
Асуудлын гол нь маш товч бөгөөд тодорхой. Бид хүүхэд багачууддаа суурь боловсрол мэдлэгийг сайн олгож чадвал ирээдүйд бидний нүүр царай болох тэдгээр хүмүүс маань сайн сайхан харагдах мод лугаа адил болох юм. Дээрх эргэлтийг зогсоохгүй зөв механизмаар удирдан зохион байгуулах чадвар ч тэднээс төрөн гарах учиртай гэж би ойлгодог.
Чингэхийн тулд өнөөдөр бид юунаасаа эхлэх ёстой вэ? Гэдэг асуулт бидний өмнө байнга тулгарч байгаа.
2003-2004 оны хичээлийн жилд нийт 21мянган оюутан их дээд сургууль коллежийг төгсжээ. Үүнээс 99 доктор 1400 магистер, 18000 бакалавр, 1700орчим дипломын дээд боловсрол зэрэгтэй залуус төрөн гарчээ. Харин тэд нар маань бүгд ажилтай болж чадсан болов уу? Харамсалтай нь тэдний зөвхөн гуравны нэг болох 7000 гаруй залуус л ажилтай болсон гэх тоо байгаа аж. Тэгэхээр үлдсэн 14000 нь ажилгүйчүүдийн эгнээнд элссэн болж таарах нь. Мэдээж зарим нь хувиараа ямар нэгэн аж ахуй эрхэлж бизнес хийн нийгэмд хөлөө олж яваа байх. Яагаад ийм байдал үүссэн юм бол? Сүүлийн үед оюутан залуучууд ямар мэргэжил сонгон эзэмшиж байгааг сонирхохын тулд юун түрүүнд статистик тоо баримт ухаж үзэе. Зурагт 2000-2002 оны байдлаар их дээд сургууль болон мэргэжлийн сургууль төгсөгчдийн тоог мэргэжлийн чиглэлээр нь ангилж үзүүлэв. Бизнес удирдлага нийгэм эдийн засгийн чиглэлээр төгсөгчдийн тоо жил дараалан үүсч мэргэжлийн тэнцвэргүй байдал үүсч байгааг эндээс ажиглаж болно.

Эдгээр мэргэжилтнүүдийн доголдол, заримд нь дутагдаж зарим нь хэт ихэдсэний улмаас өнөөх циклийн эргэлтэнд доголдол үүсч байгаа юм. Үүний тулд мөн юу хийх ёстой вэ?
Энэхүү асуултад хариулахын тулд дараах сэдвийг сонгох хэрэг гарлаа. Мэргэжилтэн хэрхэн бэлтгэх тэд хэрхэн төрөн гардаг болох талаар товчхон танилцуулая.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд мэргэжил сонгох талаар зөвхөн 10-р ангийн нийгмийн ухааны сурах бичигт орсон мэргэжил боловсрол эзэмших үнэ цэнийн тухай яриа гэсэн товч сэдэвээс өөр доривтой зүйл тусгай хичээл байдаггүй ажээ. Номын дэлгүүрт элсэлтийн шалгалтанд бэлдэх бодлогын ном гарын авлага элбэг боловч ажил мэргэжлийн тухай танилцуулга, зөвлөгөөтэй ном огт байсангүй. Улсын төв номын санд шүүлт хийснээр доорх хэдэн номын жигсаалтыг гаргажээ.
Үүнд:
1. Мэргэжил бүхэн сайхан С.Дамдинсүрэн Улаанбаатар хот 1978 111р хуудас
2. Дуртай мэргэжлээ эзэмшицгээе Техник мэргэжлийн сургуулиудын танилцуулга.
3. Мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд зориулсан лавлах БШУЯ 1991 он.
4. Хуульч мэргэжил Т.Сэнгэдорж 2003 он 192 р хуудас.
Эндээс үзэхэд 2005 оны байдлаар энэ тухай зөвхөн цөөн тооны хэдхэн номонд тэр дундаа бүр хуудас заасан байгааг та бүхэн олж харсан байхаа. 2005 онд харин ЭМОС клубээс бэлтгэн гаргасан Мэргэжлээ Зөв сонгоход тань гэсэн ном байх юм. Үүнээс хойш энэ тухай ном, сурах бичиг гарын авлага зэргийг олж үзсэнгүй. Энэ номонд бичигдсэн хэд хэдэн хэрэгтэй мэдээллүүдийг би дээр иш татан авлаа. Магадгүй та бүхэнд энэ тухай бичигдсэн илүү их ном болон мэдээлэл байж болох юм. Гэвч үүгээр бидний ярианы сэдэв хязгаарлагдаад байгаад л миний сэдвийн гол утга оршиж байгаа юм. Зөвхөн тодорхой хэдэн ном гарын авлага болон мэдээлэлээр өнөөдөр монгол улсад суурь боловсрол эзэмшин төгсөж оюутны ширээнд шилжилж байгаа хүүхдүүд хангалттай ойлголт авч чадахгүй гэдэг нь тодорхой. Иймээс энэ тухай ямарваа нэгэн доривтой арга хэмжээ авах цаг нь болсон, тэр бүү хэл энэ арга хэмжээ явагдах цагаасаа нэгэнтээ хоцорсон. Тиймээс бид бүхэн аль болох яаравчлах хэрэгтэй байна.
Аливаа улс орны ирээдүйн хөгжил дэвшил тухайн орны хүүхэд залуусын боловсролоор тодорхойлогдоно гэхэд хэлсдэх зүйлгүй. Гэвч энэхүү боловсролыг хэрхэн олгож байгаад анхаарал тавьдаг хүн олон боловч тухайн боловсролыг яах гэж эзэмших болоод байгааг, чухамдаа хүн яах гэж энэ бүхнийг сураад байгаа талаарх ойлголтыг манай дунд сургуулиуд их бичил хүрээнд явуулж байгаа нь харамсалтай. Бид хүүхдэд суурь боловсрол олгохын зэрэгцээ тэднийг амьдралын зорилготой, оюун ухааны дээд зэргийн төлөвшилтэй байлгах нь гол хүчин зүйлүүдийн нэг юм. Хүн зорилготой байна гэдэг нь л ойд төөрсөн сармагчингаас ялгараад байгаа юм. Гэтэл өнөөдөр манай дунд сургуулиудад дандаа ойд төөрсөн сармагчингууд өсч бойжиж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдгээр хүүхдүүд зорилго чиглэл гэж юу болох? Хэрхэн түүнийгээ тодорхойлох, түүндээ яаж хүрэх арга зам зэргийн талаар огтхон ч ойлголтгүй явдаг.
Мөхөж буй ард түмэн өнгөрсөн үеээ дурсдаг гэж олон ч хүний ярианаас сонсож байсан удаатай. Өнгөрсөн үеээсээ зөвхөн сайн сайхныг нь дурсах биш харин тэдний гаргаж байсан алдаа дутагдлыг ажиглаж түүн дээр нь дүн шинжилгээ хийж дахин тэр алдааг нь давтахгүй байх нь чухал. Иймээс хүүхэд залуучуудад дуулгах бас нэгэн мэдээг энд дурдая:
Өнгөрсөн 10аад жилийн хугацаанд нийт дунд сургууль төгссөн хүүхдүүдийн нийтлэг гаргаж байсан алдааг дээрх номонд ийнхүү дурдсан байх юм.
• Бусдыг дуурайж моод болсон мэргэжилийг сонгосон боловч хичнээн суралцаж чадаагүйгээс зах зээлийн ширүүн өрсөлдөөнд ялагдаж ажилгүйчүүдийн эгнээнд элсэх
• Тэнцэж л байвал ямар ч сургууль байсан хамаагүй гэж яваад дур сонирхолдоо нийцэхгүй мэргэжилтэй учирч сурч боловсрох эрч хүчээ алдан аргацаан байж сургуулиа төгсөх
• Зарим сонсож суралцсан мэргэжил нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцээгүйгээс ажилын байр олдохгүй болох
• Сонирхож байгаа мэргэжлийн талаар мэдээлэл муу цуглуулдаг
• Өөрийн зан чанарт таарах эсэхийг харгалзаж үздэггүй сонгодог
• Хэн нэгний хэлсэн үгийг харанхуйгаар дагах
• Хэн нэгний нөлөөнд хэт автах
• Чөлөөт цагаа өөрт хэрэгтэй зүйлсэд зарцуулдаггүй
• Сурах арга барилд нэгэнтээ суралцаагүй
• Өнөөдрийн ашиг сонирхолоор ирээдүйн орлогоо багасгах

Зэрэг алдаануудыг дурдсан байна. Эдгээр нь байсан хийсэн алдаа. Эдгээр алдааг давтахгүй байхын тулд сурагчид, багш нар маань юуг хийх ёстой вэ?
Эндээс үзэхэд хүүхэд бүрт дээрх утга санааг ойлгуулж чадсан цагт хүн бүр зорилго чиглэлтэй болж өөр өөрийн жинхэнэ сэтгэлээсээ хүсэж явдаг мэргэжилээ эзэмшихийг эрмэлзэнэ. Энэхүү эрмэлзэл нь мэргэжилтнүүдийн тэнцвэргүй байдалд нөлөөлөх боломжтой юм. Хүүхэд бүр үнэхээрийн эдийн засагчийн эсвэл хуульчийн мэргэжлийг чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг байж болох. Тэгвэл тэндээс жинхэнэ чанартай хуульч, чанартай эдийн засагчид л төрөх юм. Хамгийн гол нь тэд хүсэл зорилгодоо нийцүүлж мэргэжилээ сонгох нь маш чухал зүйл болж байгааг бид харах болно.
Гэвч үүнд нь нөлөөлөх гадны гэж хэлж болох хэд хэдэн хүчин зүйлүүд бий. Үүнийг би товчхон дурдая.
1. Эцэг эхчүүд,
2. Нийгэмд тархсан цуу яриа болон, чиг хандлага,
3. Багш сурган хүмүүжүүлэгчид,


Эдгээр хүмсүүд нь хүүхдэд шууд нөлөөлж байгааг та бид мэдэх бизээ. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдүүдээ заавал дээд боловсролтой болгох гээд тэдний хүсэл мөрөөдлийг сонсохгүйгээр мэргэжлийг нь өөрсдөө сонгож өгөөд хөдөөний хүүхдийг хотод хаа нэгтэй байрлуулаад орхидог, тэгээд хүүхдийг чи сайн сурах ёстой, диплом аваад төгсөх ёстой, төгссөн хойно чинь учир нь олдож л таараа гэсэн байр сууринаас ханддаг болох нь нууц биш.
Нийгэмд тархсан чиг хандлага, цуу яриа зэрэг нь хүүхдэд маш ихээр нөлөөлдөг болох нь зарим зүйлээс тодорхой харагддаг. Жишээ нь: 1990 ээд оноос өмнөхөн бол багшийн мэргэжил тухайн үедээ гаарч байхад, 2004 оноос эдийн засагч, хуульч гэх зэрэг мэргэжлүүд гаарч эхэллээ. Эдгээр үеүүдэд тухайн мэргэжил болгонд бөөгнөрөл, хоосон орхигдох орон зай үүсч байна. Энэ мэтээр нийгэмд тийм мэргэжил моодонд орох гэж байна гэсэн үзэл сурталууд хүүхдийн өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдөлд нөлөөлж байхад,
Багш сурган хүмүүжүүлэгчидийн зүгээс: тэд маань хүүхдэд математик, уран зохиол, нийгмийн хичээлээ л заахаас биш ямар хүн болох, тухайн хүүхдийн онцлог, амьдралд хэрхэн бие авч явах, зорилго гэж юу болох талаар өгч байгаа мэдээлэл нь хомсдоод байх шиг. Гэхдээ зөвхөн ийм зүйлээр заах хүрээ нь хязгаарлагдаж байгаа нь нэг талаараа арга байхгүй зүйл ч юм шиг. Учир нь тэднийг бага байхад нь тийм ухагдахууныг тархинд нь ургуулаагүй болохоор тэр юм болов уу.
Энэ бүгдийг яриад байвал эргэлдээд л байх циклийг дахин дахин давтаад л байхаар, хэзээ ч дуусахгүй урт зүйл юм. Өөрөөр хэлбэл их төгсөшгүй ойлголт юм. Төгс шийдэл энэ сэдэвт байхгүй. Харин ахицтай урагшлах уу?, эсвэл улам муудах уу гэдгийг нь л ярих асуудал. Одоогийн хүүхдүүд гэж бараг аль ч нийгмийн аль ч үед ярьдаг. Харин тэр одоогийн хүүхдийн чанарыг ямар байлгах вэ гэдэг дээр ярих биш хийх л хэрэгтэй байгаа юм.

Ийм асуудлуудын хүрээг миний илтгэлийн сэдэв хамарч байгаа юм. Тиймээс мэргэжил сонголт гэдэг нь ямар чухал хүчин зүйл болох нь тодорхой боллоо. Үүний тулд хамгийн түрүүнд хийх ёстой гол зүйл нь би өөрөө сэтгэл зүйч болох гэж буй хүний хувьд миний ирээдүйн ажилын байрны хувьд ч дээрх асуудалд сэтгэл зүйч нар мэргэжлийн үүднээс хяналт тавьж ажиллах боломжтой байдаг ба дунд сургуульд тэр дундаа ахлах ангийнханд сэтгэл зүйчийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэх гэсэн санаа.
Ахлах ангийн сурагчдад бүрэн хэмжээний туслалцаа үзүүлэх хөтөлбөрийг сэтгэл зүйч нар маань гаргаж тэдэнд тодорхой чиг баримжааг зааж өгсөнөөр асуудалд илүү нарийн хандах боломж бүрдэж байгаа юм.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.


Үргэлжлэл...
:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY